“Мөнгө угаах гэмт хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа-тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдлаа

2024-11-08
“Мөнгө угаах гэмт хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа-тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдлаа

Улсын ерөнхий прокурорын газраас санаачлан Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Үндэсний зөвлөл, Хууль зүй, дотоод хэргийн яам, Санхүүгийн мэдээллийн алба, Азийн сан, Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газартай хамтран “Мөнгө угаах гэмт хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа: Тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр зохион байгууллаа. Олон улсын эрдэм шинжилгээний хурлаар мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр ажилладаг төр, хувийн хэвшлийн байгууллагууд, олон улсын төсөл, хөтөлбөрийн судлаач, эрдэмтэн, шүүгч, прокурор, хууль сахиулах байгууллагуудын 150 орчим төлөөллүүд оролцлоо.

Хурлын үеэр Санхүүгийн мэдээллийн албаны дарга Б.Батбаатар “Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоо”-ны талаар илтгэл хэлэлцүүлэв. Илтгэлээр мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр сүүлийн жилүүдэд хийгдсэн томоохон ажлууд, тулгарч буй хүндрэл бэрхшээл, цаашид анхаарах асуудлын талаар танилцуулж, оролцогчдын сонирхсон асуултад хариуллаа.

Мөн Хууль зүй, дотоод хэргийн яам, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газар, Авлигатай тэмцэх газрын албан тушаалтнууд болон МУИС-ийн Хууль зүйн сургуулийн эрдэмтэн судлаачид мөнгө угаах гэмт хэргийг хянан шийдвэрлэхтэй холбоотой Монгол Улсад тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замын талаар илтгэл танилцуулав.

Share on 

Share on 

Сүүлд оруулсан мэдээ